Monday, July 30, 2007

Онлайн хулгайд саяыг алджээ

Computer Sweden сонинд мэдээлснээр Шведийн Nordea банк их хэмжээний мөнгө алдсан нь интернэтээр хийгдсэн хамгийн том хулгайд тооцогдож байна. Хулгайчид сүүлийн гурван сарын туршид тус банкны үйлчлүүлэгчдийн данснаас нийт 1.1 сая ам.долларыг спамаас хамгаалах програм байдлаар тархдаг програм хангамж ашиглан хулгайлжээ. Тэд банкны нэрийн өмнөөс хэрэглэгчдэд илгээсэн захиандаа програмыг компьтертээ суулгахыг зааварлах замаар тарааж, компьютерт суулгаж байжээ. Улмаар уг програмын тусламжтай хэрэглэгчдээс хувийн, нууцлалын зэрэгтэй мэдээллийг авч, данснаас нь мөнгө авчээ. Хулгайчид haxdoor.ki вирус ашигласан нь тогтоогджээ. Програмыг суулгасны дараа хэрэглэгч банкны вэб сайтад хандан өгөгдлөө оруулахад програм түүнийг хадгалж, улмаар браузер дээр хандалтын кодоо дахин оруулах хүсэлт бүхий цонх нээгдэж байжээ. Ийнхүү хэрэглэгчдийн мэдээллийг гартаа оруулж авсан хулгайчдад данснаас мөнгө авах нь гарын алга эргүүлэх мэт хялбар болжээ. Нийт 250 гаруй хэрэглэгчдэд хохирол учруулсан энэ хэргийг цагдаагийнхан мөрдөж байна. Хэрэглэгчдийн мэдээллийг эхлээд АНУ-д, дараа нь ОХУ-д байрлах серверт илгээж байсан нь тогтоогдсон байна.

No comments: